Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний төсөл амжилттай хэрэгжлээ

2017.03.15

вропын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) нь 1991 оны 04 дүгээр сарын 15–ны өдөр Их Британи улсын нийслэл Лондон хотноо зах зээлийн эдийн засагтай улс орнуудын төр болон хувийн хэвшлийнхэний үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан бөгөөд Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон дэлхийн 65 улс орны төлөөлөгчид бүхий хувьцаа эзэмшигчидтэй, Газар дундын тэнгис, Төв болон Зүүн Европ, Төв Азийн 30 гаруй улс оронд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага билээ. Тус банк нь техникийн болон менежментийн зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөө, сургалт зэргийг үзүүлэхээс гадна зээлийн санхүүжилт, шууд хөрөнгө оруулалт, хосолсон санхүүжилтын үйлчилгээг үзүүлдэг.

Очир Ундраа групп нь ЕСБХБ-ны санаачилгаар менежментийн зөвлөх үйлчилгээг тус банкны “Шилжилтийн эдийн засагтай улс орнуудад үзүүлэх тусламжийн сан”-гийн хөтөлбөрийн хүрээнд авахаар болж “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-нд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурж, төслийг 2015 оны 07 дугаар сараас эхлэн нийт 18 сарын хугацаанд буюу 2016 оныг дуустал амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү менежментийн зөвлөх үйлчилгээний төслийн нийт санхүүжилтын 90 хувийг тус банкнаас буцалтгүй тусламжийн нөхцөлөөр, 10 хувийг группээс тус тус санхүүжүүлэн хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд группын хэмжээнд болон гол салбар компаниудын стратегийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх, бизнес, санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах зорилтуудыг тавьж ажилласан бөгөөд эдгээр чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөхөөр тус банкнаас санал болгосон олон улсын зөвлөх экспертүүдээс ярилцлага хийж, сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд Канад Улсын зөвлөх ноён Петер Жонесыг сонгож хамтран ажиллалаа. Ноён Петер Жонес нь бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд олон улс орнуудад хими, мэдээлэл, харилцаа холбоо, өргөн хэрэглээний бараа гэх зэрэг олон төрлийн салбар, чиглэлээр дэлхийд тэргүүлэгч томоохон корпораци, олон улсын байгууллага, компаниудад бүс хариуцсан захирал, гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, зөвлөх зэргээр ажиллаж байсан арвин их мэдлэг, туршлагатай эксперт юм.

Төслийн хүрээнд Монгол Улсын уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Очир Ундраа группын стратегийн ач холбогдол бүхий гол бизнесийн нэгжүүд болох “Очир Ундраа” ХХК, “МЕРА” ХХК, “Олборлолт” ХХК, “Бүтээгч” ХХК, “Практикал Даатгал” ХХК, “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК–иудыг хамруулан менежментийн чадамжийг дээшлүүлэх, стратеги, бизнес, маркетингийн удирдлага, засаглал, бүтэц зохион байгуулалт, санхүү, хөрөнгийн удирдлагын чиглэлээр зөвлөгөө авч, группын нэгдсэн удирдлагын системийг бий болгох чиглэлээр хамтран ажиллалаа. Төслийн үр дүнд Очир Ундраа групп нь байгууллагын урт, дунд хугацааны зорилго, зорилтуудаа тодорхойлж, байгууллагын нэгдсэн стратеги төлөвлөгөө болон салбар компаниудын дунд хугацааны стратегийн шинжтэй бизнес төлөвлөгөөг боловсруулж, тэдгээрийн хэрэгжилтийг хангах, тайлагнах, хянах, үнэлэх тогтолцоог бүрдүүлэн, хэвшүүлж ажиллаж байна.

Бид цаашид ч менежмент, бизнесийн үйл ажиллагаа, өрсөлдөх чадвараа тасралтгүй сайжруулан, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, өрсөлдөхүйц түвшинд компанийн засаглалыг хөгжүүлж, менежментийн чадамжаа дээшлүүлэн, илүү өндөр чанар, стандарт бүхий хамгийн найдвартай, хариуцлагатай компани байж, зах зээлд тэргүүлэгч байр сууриа улам бэхжүүлэхээр зорин ажиллаж байна.


Мэдээний листрүү буцах Дараагийн мэдээ

Сүүлд нэмэгдсэн